Categories
Чөлөөт

Бүх багш Д.Даваадорж багш шиг байгаасай. Миний хичээл ордог нэг дунд ангид тэр хойгуур ганцаараа суудаг нурмайсан хүү байдаг байлаа

Миний хичээл ордог нэг дунд ангид тэр хойгуур ганцаараа суудаг нурмайсан хүү байдаг байлаа. Хувцас хунар нь ч тааруухан, тийм ч сайн айлын хүүхэд биш нь мэдэгдэж байсан юм.Намайг түүнээс яагаад хичээл хийхгүй байна гэхэд нэг хүү босоод түүн лүү зааж, тэр угаасаа тэгдэг юм бүх хичээл дээр ийм байдаг гэхэд бусад хүүхдүүд нирхийтэл инээлдэж, нөгөө хүү улам нугдайж ичингүйрэн доош тонгойж суухыг хараад би очиж яагаад ингэдгийг асуухад түүнд шугам харандаа байсангүй бөгөөд энэ тухайгаа ч хэлж чадахгүй дуугүй суусаар байв.Би түүнд шугам харандаа өгөөд яаж зурж эхлэх тухай хэлээд эхлүүлэхдээ харандаагаараа зөөлөн зурж ноороглоод, үүнийг хараад дагуулж тодосгоод тэгээд ингэж сүүдэрлэж чимээд зураарай гээд бусдад нь сонсогдохгүйгээр шивнэж хэлээд холдлоо.
Нилээд байж байгаад бусад хэдийг нь шалгах зуураа түүн дээр очиход нилээн хөөрхөн болгочихсон, над руу нэг л тийм итгэл даасан нүдээр харахад нь өө манай Анараа /мэдээж нэрийг нь өөрчилсөн/ гоё зурчихсан байнашдээ гээд бусдад нь харуулахад бүгд л амаа ангайн гайхширсан маягтай зогсож билээ.Түүнээс хойш Анар хичээлдээ сонирхолтой болоод зогсохгүй өөрөө гэртээ зурсан зургаа авчирч энэ ямар болж вэ багшаа гээд толгойгоо илж зогсохоор нь чи улам л сайжирч байна шүү гэхэд нүд нь гялалзаад баярлаж байгаа нь жигтэйхэн явдаг байв.Нэг удаа би түүнийг хичээл тарахад нь дуудаад хармаанд байсан 10000 төгрөгөө өгөөд гэртээ харихдаа өөртөө таалагдсан гоё юм аваад идээрэй гээд өгсөн юм. Харин тэрнээс хойш 7 хоноод дараачийн хичээл ордог байсан болохоор мартаж орхиж, тэгээд тэр нэг удаа хичээлээ дуусгаад босоход Анар маань чимээгүйхэн ойртож ирээд гартаа тас атгасан алгаа тэнийлгэж, хоёр чихэр ширээний булан дээр тавиад – ээж багшдаа өгөөрэй гэсэн юм гэхэд нь өнөөхөө санаад би нөгөө мөнгөөрөө ямар гоё юм авч идсэн бэ гэхэд Анар маань би хоёр дүүдээ гоё печень, гэртээ хоёр талх аваад очсон чинь ээж хэнээс мөнгө авсан юм гэхэд нь таныг өгсөн гэхэд үүнийг багшдаа аваачиж өгөөрэй гэсэн гэхэд нь 🥲🥲🥲 самсаа шархирч нулимс дуслуулан алдаад ээждээ баярлалаа гэж хэлээрэй гээд толгойг нь илээд явуулсан . Түүнээс хойш Анар маань инээд хөөртэй байдаг болж, намайг түүнд өөрөөр ханддаг болсныг мэдсэн ангийн хүүхдүүд нь түүнийг шоолж инээж шоовдорлохоо больсон нь анзаарагддаг болж билээ.Өөр хичээл дээр ямар байдгийг мэдэхгүй ч сая улирлын дүнг нилээн дээгүүр гарсныг зарлахад түүний харц ямар сайхан итгэл дүүрэн гэрэлтэн харж байсныг мэдрэх тэр мэдрэмж надад хичнээн сайхан байсныг хэлэх юун. Яагаад энэ тухай бичих болов гэхээр уншигч найзууд хэрвээ ойлгоод үүний цаана ийм хичнээн олон Анартай адилхан үй түмэн өөр хүүхдүүдийн итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, авьяас чадвар, сурах хөгжих боломж, гэрэл гэгээтэй ирээдүйг хулгайлсан, үгүй болгосон би үнэндээ хэлэх муу үг олдохгүй тэр хүмүүстэй одоо тэмцэж байгаа олон жирийн залуусын тэмцлийг дэмжихэд өөр өөрсдийн хувь нэмрээ ямар ч хэлбэрээр болтугай илэрхийлж тус болох юмсан гэсэндээ бичиглэлээ шүү.Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 2-р сургуулийн технологийн багш Д.Даваадорж.

Leave a Reply

Your email address will not be published.