“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг, П.Пүрэвжаргал нарын нөхөрлөлийн талаар сонирхолтой контент бэлтгэлээ.Оройн 19.00 цагт тэднийг нэвтрүүлгээ хөтөлж дуусан гарч ирэхэд нь хүрэлцэн очиж, ийн ярилцлаа. Энэхүү ярилцлагад олны нэрлэж заншсанаар Билэгээ, Пүүжээ хэмээх нэрийг ашиглав. Тэдний хувьд анх удаа хамтдаа ярилцлага өгч буй тул их сонирхолтой байгаа тухайгаа хуваалцсан юм.-Өнөөдрийн сэдвүүд халуухан байж чадав уу?Билэгээ: Халуухан бас хурц л байлаа. Гэхдээ өдөр болгон л ийм байдаг даа. Сонирхолгүй, уйтгартай сэдвийг ярих хэрэггүй шүү дээ.-Тэгвэл энэ ярилцлага ч гэсэн сонирхолтой болно гэж найдъя. “Монгол коммент” нэвтрүүлгийг хамгийн анх хэн санаачилсан талаар яриагаа эхэлье?Билэгээ: “Монгол коммент” нэвтрүүлэг 2011.11.11-нд эхэлсэн. Цахим сэтгүүл зүй нийгмийн сүлжээнд түгээмэл болоогүй байлаа. Талийгаач анд Баяраатайгаа хамтран, хамгийн анхны дугаараа “ТВ9” телевизийн нэгдүгээр сувгаар цацсан. Анд минь их залуудаа тэнгэрийн оронд дэвшсэн дээ.Анх “Монгол сэтгэгдэл”
гэдэг нэртэй байсан юм. Амьхандаа л шинэ зүйл сэтгэж, хийх гэж оролдсон нь тэр байж л дээ. Цэвэр иргэний сэтгүүл зүй рүү чиглүүлэх гэж хичээсэн. Энэ хүрээндээ мэдээллийн сайтуудын комментыг олон нийтэд уншиж, ярьж өгдөг байсан юм. Харин дараа нь “Yahoo” хаяг нээж, иргэдийн сэтгэгдлийг цуглуулан, “Монгол коммент” нэвтрүүлгийн анхны дугаарыг бэлтгэсэн.Манай нэвтрүүлгийн нэг давуу тал нь бүтээхэд зардал бага гардаг. Энэ ч утгаар цойлоод л гараад ирсэн. -Анх хүндрэл их байв уу?Билэгээ: Хууль шүүхийн байгууллага л их дууддаг байлаа даа. Одоо ч тийм хэвээр байна.ТЭД ОЮУТАН НАСАНДАА 100 ТӨГРӨГИЙН “ДАХУВАН” ХУВААЖ ИДЭН ТАНИЛЦЖЭЭ-Нэвтрүүлгийн өнөө хэр үнэ цэнтэй буйн шалтгаан нь нөхөрлөл мэт харагддаг. Билэгээ, Пүүжээ хоёр хамтдаа нэвтрүүлэг
хөтөлж эхэлснээсээ хойш нөхөрлөсөн үү?Билэгээ: Оюутан байхаасаа шүү. Анх “ТВ8” телевиз үүсгэн байгуулагдахад найзалсан. Тус телевизийн анхны боловсон хүчнүүд нь ихэвчлэн оюутнууд байсан. Манай Пүүжээ Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн, би МУИС-ийн сэтгүүл зүйн ангид сурдаг байсан юм. Уртын дадлагаа “ТВ8” телевизэд хийх үеэрээ бид хоёр танилцсан.Пүүжээ: Одоо бол “Хүний эрх яасан их зөрчдөг байгаа вэ” гэх байх л даа. Одноо гэдэг продюсер сэдэв өгөөд, гаднаас цоожлоод явчихдаг. Бид мэдээгээ дуусгахад 11.00 цаг өнгөрчихдөг байлаа.
Гэр орон хол, ажил дээрээ л хонож өнждөг байсан.Билэгээ: Манайх Нисэхэд, Пүүжээгийнх Орбитын эцэст. Иймд ажил дээрээ хамтдаа амьдарчихна. 100 төгрөгийн “ДАХУВАН” гэж “новшийн” гоймонгоо чанаж идээд л нэг сар хамт амьдарчихдаг байсан даа /инээв/.Пүүжээ: Тухайн үед “ТВ8” телевизийн анхны ажилтан болохоор 20 гаруй оюутан өрсөлдсөн. Өглөөний хурал дээр тойрч сууцгаана. Нэг, нэгээр нь дуудаад “Сайн ажиллалаа, сайн байлаа. Баяр хүргэе. Гэхдээ тэнцсэнгүй” гээд л явуулчихдаг байсан.Билэгээ: Хамтдаа амьдарч, нөхөрлөж байгаа хэдийгээ өглөөд л нэг, нэгээр нь явуулаад байхаар чанга шүү дээ. Бид хоёр үлдсээр, үлдсээр, эцэст нь чадсан даа. Үндсэн ажилтан нь болоод, мэдээний албанд зургуул үлдсэн. 2005 оны тэр өвлөөс хойш өдийг хүртэл тасралтгүй 17 жил нөхөрлөсөн байна.-17 жил нөхөрлөхдөө хэрэлдэх, маргах үе бишгүй их гарсан байх даа. Гар зөрүүлэхэд хүрч байв уу?Билэгээ: Амьдарч л байгаа юм чинь маргах, хэрэлдэх асуудал бий.
Пүүжээ: Юмны аль талаар нь тойрч гарах вэ гэдэг дээр ч маргах үе байна. Гэхдээ бид хоёр нэг нэгийнхээ эрх чөлөөнд халдаж, гар зөрүүлэх хэмжээнд маргалдаж байсан удаагүй. Аливаа асуудалд хөнгөн ханддаг. Билэгээ “ТВ9” телевизэд орсон тэр цагаас хойш зургаан жил тусдаа ажиллаж үзсэн.Билэгээ: Хосуудаар бол зургаан жил тусдаа амьдарсан гэх юм уу даа.Пүүжээ: Тэр үед хоорондоо уулзах тохиолдол багассанаас хэрүүл маргаан хийж, нэгнээ үзэн ядсан удаа нэг ч байхгүй.Билэгээ: Бид хоёрын хувьд “Ажил мэргэжлийн хамтрагчид” гэдэг тодорхойлолт зүгээр л жижигдэнэ. Одоо 30 гаруй настай залуус гэж бодохоор амьдралынхаа 50-иас илүү хувийг хамт туулсан болж таарч байгаа юм.
Билэгээ, Пүүжээ гэдэг хоёр хувь хүний асуудлыг яривал, ажил гэдэг зүйлээс хальчихсан харилцаатай. Ер нь нэгэндээ голдоо ортол гомдсон, байж суух аргагүй болсон үе бид хоёрт байхгүй. Сүүлдээ харцаараа ойлголцоно гэдэг шиг болдог юм билээ. Манай энэ тайван тулхтай, би хурдтай. Дутуугаа дүүргэж, дундуураа нөхөөд явж л байна даа.М.БАТБИЛЭГ: ААВ БОЛЖ, БАЙРАНД ОРСОН ТЭР ПҮҮЖЭЭ НАМАЙГ ТУЛТАЛ БАЯРЛУУЛСАН -Жаргал, зовлонг нь үнэн сэтгэлээр хуваалцдаг, нэгэндээ чин сэтгэлээр ханддаг байж гэмээнэ “Би энэ хүний найз” гэж бардам хэлэх болов уу. Найзынхаа өмнөөс хамгийн их баярлаж байсан тань хэзээ вэ?Пүүжээ: Би 2014 онд “Монгол коммент”-д хамтрагч болж, нэг ширээний ард суух урилгыг авахдаа маш их баярласан. Ер “ТВ9” телевизэд ажилд орсноор миний амьдралд нэлээд их өөрчлөлт орсон. Энэ телевизэд эхнэртэйгээ учирсан гээд л бод. Олон сайхан хүүхдийн аав болохын эхлэл тавигдсан гээд л үргэлж сайн сайхныг дагуулсан юм. Олон нийтэд мэдээ мэдээллийг
хүргэж, үүгээрээ үнэлэгддэг болж буй гэх мэт байгаа амьдралаараа л энэ хүнд баярладаг.Билэгээ: Анддаа хоёр, гурван удаа тултал баярласан үе байна. Пүүжээг 2014 онд, “ТВ9” телевизэд дуудан хамт ажиллаа. Тэгтэл мэдээний диктер бүсгүйтэй амьдрал холбов оо. Тэгээд аав болсон юм. Эмоци багатай найз маань тухайн үед барьц алдаж байхыг харснаа мартдаггүй юм. Тэрийг санах үнэхээр гоё. Дараагийнх нь, байрных нь цайллага хачин их баярлуулсан. Офицерын ордонд өөрийн боломждоо тааруулаад ипотекийн зээлд хамрагдаад
л байранд оров оо. Яг өөрөө шинэ байранд орчхож байгаа юм шиг болдог юм билээ. Хүнд яривал тийм аймаар гоё санагдахгүй л байх л даа. Аав болж байгаа, байранд орсон тэр Пүүжээ намайг тултал баярлуулсан.Пүүжээ: Хамгийн сүүлд баярлуулсан зүйл гэвэл энэ зун андынхаа нутагт нь очиж амарлаа. Бараг намайг Ховдын Чандманийн уугуул иргэн шиг л эрхлүүлсэн. Тэр нь надад баярлах мэдрэмж төрүүлсэн.М.Батбилэгийн төрсөн нутгаар аялж яваа нь.
Билэгээ: Бараг гэж чамайг эрхлүүлээ биз дээ. Энэ ингээд хааяа, байж байж байгаад мангартаад байдаг юм. Энэ зун сайхан амарлаа. Аавынхаа гэрийг гаргаж бариад, таван ханатай гэрт хэрдээ л тарвалзлаа шүү дээ. Манай баруун алтай нутгийнхан зочломтгой сайхан ард түмэн. Би бас нэг юм хэлэхээ мартаж.Мөнгөгүйн зовлон гэдэг зүйл айхтар шүү. Хүн “Мөнгө чухал биш” гэж ярихын оронд их бодитой хандаж баймаар юм билээ. Хань ижил маань өвдөж хүнд хэцүү байх үед муу анд минь бүхнийг дааж үлдсэн. “Монгол бөхийн өргөө”-г хандивын тоглолт хийж дүүргэсэн. Тухайн үед мөнгө чанга байхад л 10 сая төгрөгийг тоглолтын чинь орлого гээд л шилжүүлж байлаа. Бид хоёрын хуваалцсан зовлон, жаргал их бий. Ханиа алдчихаад сууж байхад анд минь л миний дэргэд байлаа.-Эсрэгээрээ өмнөөс нь шаналсан, “Хэрэв оронд нь байж болдог сон бол” гэж бодсон үе?Пүүжээ: Тэр бол мартахыг хүсдэг зүйл л дээ. Гэхдээ тийм зүйлүүд хүний сэтгэлд үлдчихдэг юм байна. Билэгээтэй нөхөрлөж байхдаа харамссан, засаж залруулах юм сан гэсэн зүйл байна. Билэгээгийн ээж өнгөрсөн хавар бурхан боллоо.
Жаргаж цэнгэж явахдаа л гэрээр нь орж, гардаг байснаас гоё нөхөрлөлийн шинж чанарыг харуулж чадсан юм болов уу даа гэдэг бодол надад яг одоо төрж байна.Билэгээ: Чадалгүй яадаг юм. Миний найз чадсан. Манай ээж их олон эрэгтэй хүүхэдтэй. Пүүжээг өөрийн хүүхдийн тоонд албан ёсоор оруулсан юм, хөөрхий. Гэрт хүрээд ирэхэд Билэгээд ямар хоол цай өгдөг – яг түүгээрээ дайлж цайлдаг, би мөн эднийд ороход яг л тийм байдаг шүү дээ. Хүн ингээд л уртын замдаа явах хугацаанд нэг цул болдог юм даа. Хүний амьдралын зовлон жаргалыг ганц би дайраад, Пүүжээ үлдээд байгаа юм биш. Харагдаж байгаа нь л би болчхоод байгаа болохоос. Би андынхаа аавыг агуу хүн байсныг мэднэ. Амьд ахуйд нь уулзсандаа баяртай байдаг ч гэсэн арай залуухан явчхав уу гэж бодохоор харамсмаар санагддаг. Мартчихмаар юм шиг хэрнээ мартдаггүй, аль эсвэл мартахаас айдаг тийм л сэдэв болоод үлддэг юм шүү дээ.П.ПҮРЭВСҮРЭН: ИЙМ НАЙЗТАЙ БАЙГАА УЧРААС БҮХНИЙГ АЖРАЛГҮЙ ТУУЛАХ БАЙХ -Туулсан зүйлсээс өөрөөр нөхөрлөлд тань үнэ цэн болдог зүйл юу вэ?Билэгээ: Үгээр хэлэхэд их хэцүү юм. Билэгээ өөрийн гэсэн найзуудтай. Пүүжээ ч бас. Дундаа найзалсан найзууд ч бий. Гэхдээ нэг л юм байна.
Найз, найз өөр. Хааяа таван гар тоглоход, баярын ширээний ард хамт суухад сайхан ч найз бий. Гэхдээ миний олон найзууд дунд Пүүжээ бол өөрийнхөөрөө байж болох ганц л анд. Хажууд нь бүгдийг хийж, ямар нэг хана, хаалтгүй байж болох хүн л гэж боддог. Надад донорын бөөр хэрэг боллоо гэж бодоход манай энэ тэнэг л өгөх юм шиг байгаа юм. “Мань нь тэгээд нэг бөөртэйгөө амьдарч болох юм уу, май өгөхөөс” гэх л хүн гэж боддог.Пүүжээ: Амьдралын үнэ цэнийн хувьд би уран яруу сайхнаар тодорхойлж чадахгүй нь. Гэхдээ одоо байгаа сэтгэл ханамж маань л нөхөрлөл ямар байгааг шууд хэлэх байх. Би үнэхээр таатай байна. Ийм найзтай байгаадаа цаашид туулах зүйлсийг би ажрахгүй байх. Зовсон ч, жаргасан ч, шагнуулсан ч хамт баймаар байна.-Нээрэн та хоёр хамтдаа хөдөлмөрийн хүндэт медаль авсан бил үү?Билэгээ: Төлөвлөж, тооцоолоогүй л зүйл болсон. 20 гаруй жил сэтгүүлчээр ажилласан хүмүүс шүү дээ. Энэ хугацаанд төр засгийн шийдвэрээр одон медаль авч байгаагүй. Ер нь бүх л үеийн төрд эсэргүү байж л дээ. Заавал илж таалах ёстой биш. Гэхдээ тийм медаль ирэхэд жигтэйхэн
баярлачихдаг юм билээ.-Билэгээ, та найзыгаа эхнэр аваад хүүхэдтэй бас байртай болоход хачин их баярласан гэсэн. Анх найзыгаа эхнэрээ “найрч” байхад нь тус хүргэж байв уу?Пүүжээ: Энэ есдүгээр сар миний хувьд их эрхэм. Анх эхнэртэйгээ танилцсан улирал. Танилцсаны дараа арванхоёрдугаар сард шинэ жил болов оо. Баярын уур амьсгал орчихсон, халамцуу сууж байхдаа “Золоо бид хоёр үерхэж байгаа” гээд хэлтэл нүд нь том болоод л ирдэг юм даа.Билэгээ: Хоёр гар чинь харин гурван сар нууцаар “явалдчихсан” байгаа юм чинь.Пүүжээ: “Хайртай ээждээ хэлэлгүй 10 сар тээгээд” гэдэг дуу шиг муу анддаа хэлэлгүй гурван сар болчихсон. Тэгээд итгэхгүй байна гэхээр нь нүдэн дээр нь үнсэлцчихсэн. Тэгтэл түүгээр нэг бөөн шуугиан болсон доо. Энэ Билэгээ хааяа, хааяа их залдаг байхгүй юу. Итгэтэл авна шүү дээ. Зөрүүлээд хааяа нэг тоглодог юм. Энэ намайг их чадна.
Гэнэт залгаад “Ажилтай болчихлоо, өнөөдөр нэвтрүүлэгтээ очиж чадахгүй шүү” гэж жишээтэй. Тэгснээ гэнэт ороод л ирнэ.Билэгээ: Муу андаараа тоглох гоё л доо. Манай энэ чинь тоглоомд урамтай унана шүү дээ. Ёстой “пид” гээд л шороо манаргаад явчихна.Пүүжээ: Жаахан залдаг хүмүүст бол надаар тоглох их амархан л даа. Хүн юу хэлнэ шууд итгэдэг байхгүй юу. Билэгээ тэр тусмаа худлаа хэлж байгаа юм шиг бишээр ярьдаг байхгүй юу.”ХАМТДАА ХӨГШРӨӨД МОНГОЛЫНХОО ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭР АЯЛАХ ЮМ САН” -Ирээдүйд та хоёрын нөхөрлөл хэрхэн үргэлжлэх бол. Хожим хамтдаа юу хиймээр санагдах юм?Билэгээ: Бид хоёр “Яг тэгж найзална шүү” гэдгээ төлөвлөж байгаагүй юм байна.
Ноднин л гэхэд энэ жил яаж нөхөрлөхөө мэдэхгүй л байсан шүү дээ. Тиймээс ирээдүйд яахыг мэдэх юм алга. Харин нэг л юманд итгэлтэй байна. Тэр нь юу ч, ямар ч асуудал болсон, нийгмийн шуурганд цохиулсан ч бие биеэсээ хол унахгүй л юм билээ.Пүүжээ: Нэг зарчим бий болсон. Нэгнээ мөлжиж идэхгүй гэдэг зарчим. “Монгол коммент” ямар настайг бид мэдэхгүй. Амьдралын эрхээр өөр өөрийн мөрөө хөөх л байх. Ямар ч байсан өдийг хүртэл нөхөрлөсөн нөхөрлөлийнхөө үнэ цэнийг арилжиж идэхгүй. Харин цаашдаа ямар нөхөрлөл байх вэ гэдэг дээр надад ийм мөрөөдөл байдаг. Бид хоёр телевизээсээ зодог тайлаад нас өндөр гарлаа гэж бодоход Монгол орныхоо өнцөг булан бүрээр, сайхан аялах юм сан. Дэлхийн гоё гоё газрууд руу хамтдаа явах юм сан гэж боддог, мөрөөддөг.-Хөгширнө гэснээс та хоёр “Монгол коммент” нэврүүлгийнхээ дараа дараагийн залуу халаагаа бэлдэх тал дээр анхаарлаа хандуулах уу?Билэгээ: Билэгээ, Пүүжээ гэдэг хоёр хүн 40, 50 настай “Монгол комментод нэгдэцгээе”
гээд сууж байхгүй байлгүй дээ. Нийгэм ч маш хурдтай хөгжиж байна. Телевизийн контентууд тодорхой насжилттай байдаг. Тиймээс үнэнд гүйцэгдэх үе хэзээ нэгэн цагт ирнэ. Гэхдээ энэ контент хөгжөөд илүү дээд шатанд гарах боломж байгаа. Залуучууд ч үүнийг мэдэж байгаа байх. Тиймээс томилолт авах нэгнээ эзгүйд залуучуудаа суулгах бодол байна.Пүүжээ: Бид хоёр хамт хөтлөөд, үзэгчдэд илүү дасал болсон байж магадгүй л дээ.Билэгээ: Ямар ч байсан бид хоёр ойрын хэдэн жилдээ энэ индрээс буухгүй байх аа даа. Андтайгаа нэвтрүүлгийнхээ уриаг хэлээд эхлэх, хэлээд дуусгаж байх тэр мэдрэмж өдөр болгон шинэ санагддаг. 3000 гаруй дугаарт нэг л уриа хэллээ шүү дээ. Хэлээд байхад л өдөр болгон шинэ байдаг юм.Билэгээ Пүүжээгийн уруулыг будсан нь.-Нас ахих хэрээр уулзахгүй удахад, хол байхад нэгнээ санах, үгүйлэх нь их болдог гэдэг. Та хоёр 60, 70 нас гараад хамт нэвтрүүлгээ хөтлөхгүй, уулзах нь холдоод ирэхээр яах бол?Пүүжээ: Өнгөрсөн жил манай хүн коронавирус тусаад эмнэлэгт хэвтэхдээ тулсан. Нэвтрүүлэгтээ андгүйгээрээ орох эвгүй байсан. Түрүүний
“Тултал баярлаж байсан уу” гэдэг асуултад бас дутуудуулчхаж. Муу анд минь байж байж байгаад нэг ороод ирэхэд тултал баярладаг. Өглөө ажилдаа ирэхэд ажлаа хийгээд сууж байх сайхан шүү дээ. Билэгээгүй бол тал болчихдог гэсэн үг.Билэгээ: Бидний амьдрал ингэж л эхэлсэн, ингэж яваад л дуусна.-Түрүүн Пүүжээ та яриан дундаа хэллээ л дээ, “Манай хүн” гээд л. “Манай хүн” гэж урт удаан жил хамт амьдарчихсан хосууд л нэгнээ хэлдэг үг биз дээ?Пүүжээ: Зун Ховдод очсон гэсэн дээ. Тэгэхэд хүмүүс “Өө, хосууд ирлээ” гэж хүлээж авч байгаа юм чинь. Ер нь хосууд шүү дээ /инээв/.-Тийм байж. Зан харилцааны хувьд нэг нь адгадаг, нэг нь суурин суучихдаг хоёр шиг анзаарагдах юм?Билэгээ: Ажил дээр ч тийм шүү дээ. Үзэгчдээс их шүүмжлэл хүлээдэг хүн нь би. “Байнга чи л ярих юм, Пүүжээгээ яриулаач” гэдэг ч юм уу. Би нэг ярих донтой хүн шиг харагддаг байх. Энэ нэвтрүүлгийн гол онцлог нь тэр байхгүй юу. “Монгол коммент”-ыг хоёр Билэгээ юм уу хоёр Пүүжээ хөтөлж болдоггүй юм билээ. Гэхдээ яг амьдрал дээр гараад, тоглох наргих үед энэ надаас л их ярина /инээв/. Та нарт харагдаж байгаа шиг даруухан амьтан биш. Хүн явуулах, нэр хоч өгөх тал дээр надаас хэд дахин
илүү.Пүүжээ: Билэгээ гэдэг чинь бүхнийг мэдэгч биш. Заримдаа хадуурна. Шууд нэвтрүүлгийн зовлон нь хяналт байхгүй. Хадуурах үед нь татаад буулгаад ирнэ. Миний хувьд хүчтэй хүргэх ёстой юмыг сулхан хүргэж болно. Тэр үед энэ чинь ташуур болдог байхгүй юу. Тусдаа байх боломжгүй болгосон тэр орон зайг л бид бий болгожээ. “Монгол коммент” нэвтрүүлэг харин үүнд дэмжлэг болсон.”СЭТГЭГДЭЛ УНШСААР БАЙГААД СЭТГЭЛ ЗҮЙЧ БОЛЦГООСОН -Нэвтрүүлгийн тухай ярьж эхэлснийх надад нэг зүйл сонин санагдлаа. Нийгмийг нэг хүн гэж бодъё л доо. Тэр хүн 2011 онд голдуу ямар сэтгэгдэл бичиж байв. Одоо сүүлийн үед ямар сэтгэгдэл бичиж байна вэ?Билэгээ: Хамгийн олон сэтгэгдлийг уншсан хүн бол Пүүжээ л дээ. Үндсэндээ бараг сэтгэл судлаач болтлоо л ажиллаа. Гэхдээ би яг уншаад харилцдаг хүн нь биш болохоор эхлээд Пүүжээ ярьсан нь зүгээр байх.Пүүжээ: Найман жил ажиллахад зарим үед маш мэдлэгтэй, зөв сайхан хандана. Зарим үед харанхуй болчихсон юм шиг санагддаг. Энэ мэдээж нийгмийн хөгжил амьдралын түвшинтэйгээ шууд хамааралтайг харуулж буй болов уу. Шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд хүн бүхэн гомдлоо бичиж эхэлдэг. Одоо яг л тийм байна.Билэгээ: Эдийн засаг тогтвортой, айл гэр асуудал багатай, аав ээжийн цалин сайн үед ирж байгаа сэтгэгдэл маш соёлтой, ажил хэрэгч байдаг. Яг цар тахлаас хойш сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд ирж байгаа сэтгэгдлүүд зэрлэгшиж эхэлсэн. Хараалын үгс нь хүндэрсэн. Нийгмийн нөхцөл байдалтай шууд хамааралтай.
“Тэрийг алаач, дүүжлээч” гэсэн юм л ирж байгаа юм чинь. Пүүжээ: “Устга, шатаа, дүүжил” гэдэг сэтгэгдэл одоо их байна. Хүн өөрөө нийгмийн амьтан учраас шууд хамааралтай болж таараад байна л даа.Билэгээ: Тэр бүү хэл хэл улирлын чанартайгаар сэтгэгдлүүд өөрчлөгдөнө. Хавар манай нэвтрүүлэгт ирж байгаа сэтгэгдлүүд бол бас л эвгүй шүү дээ. Цагаан сар өнгөрөөд “Мартын 8”, Цэргийн баярын дараа, хүмүүс мөнгөгүй болоод ирэх үед ирж байгаа сэтгэгдлүүд айхтар хүнд. Өвөл, шинэ жилийн үеэр гоё байдаг юм.Пүүжээ: Кириллээр бичсэн сэтгэгдлүүдийг сайхан дуржигнатал уншаад явж байтал “г”, “п” гэсэн хараалын үгнүүд ороод ирэхээр шууд гацчихдаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж байгаа учраас их хэцүү. Ийм юм битгий бичээч гээд л гуйна. Ер нь хэтэрхий аминчхан болоод байгаа юм болов уу гэж боддог. “Би сэтгэгдэл бичиж байгаа юм чинь хамаагүй” гэсэн бодолтой ханддаг.Билэгээ: Үе үеийн хүмүүсийг анзаараад байхад манай улс тийм нэг эрхийн нийгэмтэй болж таарч байгаа юм. Үүрэггүй нийгэм. “Би” гэдэг идей нь томроод хүлээх үүрэг нь доор орхигдсон.
Миний эрх зөрчигдлөө гэдэг ойлголтынхоо хажууд үүрэг гэдэг зүйлийг л тээх шаардлага бий болоод байна. Нэгдүгээрт “Би, миний” гэдэг зүйл яригддаг. Бид хоёр халамж буудаг үеүдэд бол хараалаар булуулдаг.Пүүжээ: Хүмүүс төрийн үйлчилгээ авахдаа их дээрэнгүй байдаг даа. “Чи ингэх ёстой, тэгэх ёстой” гэдэг шиг “Та хоёр наадхаа уншихаа боль, одоо унш” гээд төрөөс авдаг шигээ загнах ч үе байна.-Боль гэдэг үгэнд их утга учир бий дээ?Билэгээ: Ардын нам, АН-ын дэмжигч аль ч байж болно. Гэхдээ сэтгүүл зүй хэзээ ч эрх барьж ажиллаж болдоггүй тавилантай. Яагаад дөрөв дэх засаглал гэж явдаг гэхээр сөрөг хүчний байр суурийг илэрхийлдэг байхгүй юу. Гэтэл тэр агуулга дээр л үзэлцээд байх нь тэр. “Одоо наадхаа боль, надад таалагдахгүй байна” гэж байгаа хүмүүст нэг үгийг байнга хэлдэг. “Бид болино гэж хэзээ ч байхгүй. Та өөрөө боль” гэж хэлнэ. Зурагтын чинь удирдлага таны гарт бий шүү дээ.Пүүжээ: Нэг өдөр өөрийгөө доромжлуулахад л тэр өдрийн сэтгэгдэл унах үе бий. Анх би Билэгээд намайг ингээд байна гэхэд “Сайн нь муугаасаа олон шүү хөгшөөн” гэж хэлсэн. Өөрт ч амар юм билээ.Билэгээ: Бид энд сууж байгаагийн гол онцлог нь болохгүй байгааг засаж залруулах
гэснийх. Томоор ярих юм бол төр иргэнийг холбож байгаа гүүр. Даруухнаар хэлэхэд харилцааг нь ойртуулж байгаа л хэрэг. “Би үзэгч, чи миний хүссэн аяыг тоглох ёстой” гэж хандах нь бий. Гэхдээ муулахаас илүүтэйгээр магтах зүйл гарч ирсэн. Мэдээллийг мэдээлэл чигээр нь хүлээж авах биш мэдлэгт суурилдаг хандлага нэмэгдсэн.”МЭДРЭМЖИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГЭЭС МЭДЛЭГИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ РҮҮ ЯВ, ДҮҮ НАР АА”-Ярианы төгсгөлд ар араасаа гарч ирж буй олон дүү сэтгүүлчдэдээ хандаж үг хэлээч?Пүүжээ: Хамгийн гол нь сэтгүүлчийн мэргэжлийн онцлог нийгмийн бүх давхаргын хүнтэй ярилцах болдог. Тийм учраас мэдлэгээ маш сайн зузаалах хэрэгтэй байна. Мэдлэгээ зузаалахаас гадна хүн чанараа зузаалах хэрэгтэй. Дургүй хүнээсээ яриа авсан ч ард нь байгаа гэр бүл, үр хүүхдийг нь боддог л хүн байх хэрэгтэй. Сэтгүүлч гэхээр иргүй сэлэм барьчхаад хүн зовоогоод байж болохгүй. Тастаж хаях ёстой хогийн ургамлуудыг л таслан хая.Билэгээ: Яг үнэндээ бид хоёр энэ салбарын ноён оргилд гарчихсан зүйл байхгүй. Дутуу зүйл байж л таардаг. Өчигдрийн дугаараа өнөөдөр үзэхэд муу л байгаа юм. Нэг жилийн өмнөх нэвтрүүлгээ үзэхэд ямар түүхий юм бэ гэж бодно. Энэ мэдрэмжийг л орхиж болохгүй юм билээ. Тэгэхээр л хөгжихөө байчихдаг. Харин миний хувьд нэг л зарчим баримталж явахыг захья. Хүний хувийн амьдрал гэдэг үнэ цэнтэй зүйл. Хүний тэр амьдралыг сэтгүүлч битгий хэл бурхан байсан ч шүүхгүй.
Тэр амьдрал руу, айлын босго давж ордгоо л болих хэрэгтэй. Ор дэвсгэр, хөрөнгө чинээ, эхнэр хүүхэд, өвчин зовлон, өнчин өрөөсөн рүү нь орохдоо хүртэл анхаарах хэрэгтэй.Наанадаж л айлын босго алхахдаа микрофонгүй орж бай. Микрофон бариад орохдоо чи Монголыг, бүхэл бүтэн нэг улсыг дагуулж орж байгаа гэдгээ ойлго. Хоёрдугаарт, бид ч мэдрэмжийн сэтгүүл зүйгээр л явж ирлээ. Гэтэл улсаараа үзэгч, уншигчаа хар масс гэж цоллуулах л хэмжээнд авчирсан. Үүний илэрхийлэл нь хүлээж авч байгаа хүмүүс шүү. Салбараа үнэ цэнтэй байлгахын тулд мэдлэгт л шамд. -Ярилцсанд баярлалаа.
Categories
“17 жил нөхөрлөсөн хоёр”: Хөгшрөөд хамтдаа Монгол орноороо аялмаар байна
