Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 21 жил ажилласан Гомбосүрэнгийн Ганчимэгтэй ярилцлаа. Мянга мянган үрийн “хүйн ээж” гэж бодохоор баярлах, бахдах мэдрэмж төрдөг хэмээн инээмсэглэх бүсгүй эдүгээ ЭХЭМҮТ-д эх баригч эмчээр ажилладаг. -Хүн болж эхээс мэндлэх энхрий бяцхан үрсийг хамгийн түрүүнд алган дээрээ тосдог хүмүүс эх баригчид байдаг. Ажилдаа дуртай, энэ мэргэжлийг сонгосондоо баярлаж явдаг гэж хэлж байсан. Ажил мэргэжлийнхээ талаар ярихгүй юу?-Эх баригч мэргэжил тун сайхан мэргэжил. Энэ мэргэжлээр ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байдаг. Тэр тусмаа хүний орчлонд ирж буй үл таних зочдыг хамгийн түрүүнд гар дээрээ тосоод, халуун дулаан дуу хоолойгоор төрсөн цаг минутыг нь хэлээд л ээжид нь өгнө шүү дээ. Эхийг эсэн мэнд амаржуулж айл гэрт аз жаргал бэлэглэдэг миний мэргэжил хамгийн сайхан. -Анхны юм бүхэн мартагддаггүй шүү дээ. Та анхныхаа эхийг амаржуулж байхдаа хэр сандарсан бэ?-Их сандарсан, айсан бас баярласан. Төрөх өрөөний эх баригчаар ажлаа аваад давтан төрөгч төрлөө шүү гэхээр нь стандарт ном дүрмийнхээ дагуу хувцсаа өмсөөд төрөх өрөөнд очсон. Тэгтэл нэг л мэдэхэд нярайг алгандаа тэвэрчихсэн эхийн хэвлий дээр тавьж байсан. Сандрах, догдлох, баярлах мэдрэмж зэрэг тохиолдсон доо.
Тэр ээж минь хэвийн сайхан төрсөн. Тэр цагаас хойш эх баригчаар олгох дээшлүүлэх, эх барихын бакалавр, ахлах зэрэгтэй их баригч болтлоо суралцаж мэргэшээд л явж байна даа. -Говь-Алтай аймгаас ажлын гараагаа эхэлсэн гэлээ. Таны төрж, өссөн нутаг уу?-Тийм. ээ Би Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежийг бага эмч мэргэжлээр төгсөөд 2001-2009 он хүртэл аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт ажилласан. Төрж өссөн нутагтаа боловсрол эзэмшээд, тэндээ ажлын гараагаа эхэлсэн гэж бодохоор сайхан санагддаг юм. Миний хань Д.Мөнх-Эрдэнэ хуульч, эрх зүйч мэргэжилтэй прокурор хүн байсан болохоор төрийн томилолтоор Баянхонгор аймаг руу шилжих болов. Би ч гэр бүлийн хүнээ дагаад Баянхонгор аймагт суурьшиж аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт 2009-2017 он хүртэл эх баригчаар ажилласан. Гэтэл ханьд минь Улаанбаатар хотод ажиллах
томилолт ирж манайх гэдэг айл дахин “буурь сэлгэсэн” юм. Ингээд би ЭХЭМҮТ-д 2017 оноос одоог хүртэл ажиллаж байна. -Ээж бүрийн хамгийн аз жаргалтай мөч 10 сар хэвлийдээ тээсэн үрдээ ангир уургаа амлуулах байдаг. “Хүйн ээж” ч гэсэн энэ үйл явдлыг хараад их баярладаг байх? -Тэгэлгүй яахав. Бид хэдийгээр тээж төрүүлээгүй ч хорвоод хүн болж ирэхэд нь хамгийн түрүүнд алгандаа тэвэрч авсан “Хүйн ээж” шүү дээ. Нярай ангир уургаа амлах, ээжтэйгээ арьсаараа шүргэлцэх нь хамгийн чухал мөч. Ингэснээр нярай амин дэмийг уургаараа амталж дархлаа тогтдог. Ер нь нярай шууд хөхөө амладаггүй. Тэд уруулаа цорвойх, шүлсээ гоожуулах, гарын хуруугаа хөхөх зэрэг эгдүүтэй үйлдэл гаргадаг бөгөөд энэ нь нярай хөхөө амлах болсны дохио болдог. -Хүн өөрийн биеэр мэдэрч байж л зарим зүйлсийг ойлгодог гэдэг. Танд тийм үе тохиолдож байв уу?-Байлгүй яахав. Бид чинь төрөх гэж байгаа эхчүүдийг
“зөв амьсгаа аваарай, заа одоо дүлээрэй, одоо тэгээрэй” гээд зааварчилгаа өгч ажиллана шүү дээ. Гэтэл би яг төрөх үедээ буруу амьсгаа авах гээд байсан. Тэгээд л дотроо заа зөв амьсгаа авах хэрэгтэй шүү, эх баригчийн зааварчилгааг дагна шүү гээд өөрийгөө хянаж байлаа. Яг тэр үед төрөх гэж байгаа эхчүүд ингэдэг юм байна даа гэж бодож байсан.-Одоо хоёулаа жирэмсэн эхчүүдэд хандан зөвлөгөө мэдээлэл хүргэе?-Жирэмсний хяналтад орох, товлолт үзлэгтээ сайн үзүүлэх, шинжилгээндээ тогтмол хамрагдах хэрэгтэй. Зарим ээж жирэмсний хяналтдаа орохгүй явсаар төрчихдөг. Ингэж ерөөсөө болохгүй. Ураг хэвийн бойжиж байгаа эсэхийг мөн ээжийн биеийн байдлыг тогтмол мэдэх нь маш чухал.-Ээжүүд төрөлтдөө хэрхэн бэлтгэвэл зохилтой вэ?-Жирэмсний бөмбөгөөр сайн дасгал хийх хэрэгтэй. Бөмбөг нь аарцгийн ёроолын булчинг суллаж өгдөг бөгөөд хүүхдийн толгойг доошлуулдаг.
-Төрөх гэж буй ээжүүд эмнэлэгт ирэхдээ ямар хувцас бэлдэх хэрэгтэй вэ? -Ээжүүд эмнэлэгт ирэхдээ цайвар өнгийн гутал, углааш, цайвар өнгийн ор хөнжлийн даавуу, том хүний нааж өмсдөг памперс, дэвсдэг памперс, нойтон салфетик, нойлын цаас бэлдэж ирэх ёстой. Мөн жирэмсний аюултай шинж тэмдэг, төрсний дараах аюултай шинж тэмдэг, нярайн аюултай шинж тэмдгийн талаар тодорхой мэдээлэлтэй байх чухал шүү. -Сүүлчийн асуултыг танд үлдээе? -Ээжүүд төрөхийн өмнө сэтгэл зүйгээ маш сайн бэлдэж төрөлтийн процесс болон зөв амьсгалах талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй баймаар санагддаг. Учир нь төрөх үйл явцад ээж мэдлэг мэдээлэлгүйгээс болоод төрхийн хүндрэл гарч болзошгүй байдаг. Иймд хяналтын эмч болон эх баригчийн заавар зөвлөгөөг дагах, тэднээс төрөх үеийн мэдлэг мэдээлэл авах зайлшгүй хэрэгтэй юм.
Categories
Г.Ганчимэг: Нярай ангир уургаа амласнаар дархлаа тогтдог
