Categories
Чөлөөт

Азийн аварга ихэр даамчид: Одоо дэлхийд хүч сорих зорилготой. МУНДАГ ИХРҮҮДДЭЭ АМЖИЛТ ХҮСЭЭРЭЙ

Нямсамбуугийн Хосбаяр, Нямсамбуугийн Золбаяр ихэр хөвүүд Увс аймгийн Улаангом хотын Лаборатори нэгдүгээр цогцолбор сургуулийн 10а ангид сурдаг. Тэд 16 настай. Цэцэрлэгийн ахлах ангид байхдаа аав Д.Нямсамбуу, эгч Н.Анужин нараараа даам заалгасан. 2014 онд нэгдүгээр ангид ороод Ж.Цэгмэд багшийнхаа даамны дугуйланд хичээллэж эхэлснээр олон амжилтын эзэд болжээ. Н.Хосбаяр-Монгол улсын спортын мастер, дотоод чансаа 10 Улсын аварга шалгаруулах даамны тэмцээн 2014 он алтан медаль 2016 он мөнгөн медаль 2017 он мөнгөн медаль 2019 он V байр Азийн аварга шалгаруулах даамны тэмцээн 2016 он Улаанбаатар хот хүрэл медаль 2017 он Ташкент хот багийн төрөлд мөнгөн медаль, үндсэн болон рапид төрөлд хүрэл медаль Н.Золбаяр- Монгол улсын спортын мастер, дотоод чансаа 13 Улсын аварга шалгаруулах даамны тэмцээн 2014 он мөнгөн медаль 2017 он хүрэл медаль 2019 он X байр Азийн аварга шалгаруулах даамны тэмцээн 2016 он Улаанбаатар хот IV байр 2017 он Ташкент хот багийн болон блиц төрөлд мөнгөн медаль Ихэр хөвгүүдийг өнгөрсөн нэгдүгээр сард Насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. -Хоёулаа даамаар хичээллээд олон амжилтын түүхийг бүтээж яваад баяр хүргэе. Эхэлсэн түүх бол адилхан юм байна. Амжилтаасаа хуваалцаач? Н.Хосбаяр: Цэцэрлэгт байхад аав, эгч хоёроороо заалгаад сургуульд оронгуутаа Ж.Цэгмэд багшийнхаа дугуйланд явж эхэлсэн. Ингээд нэгдүгээр ангиасаа сум, аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Тэрнээс хойш бүхий л тэмцээнд оролцож тодорхой хэмжээний амжилт үзүүлсээр яваа. Н.Золбаяр: 2014 онд нэгдүгээр ангидаа сумын аваргаас мөнгөн медаль, аймгийн аваргаас алт, өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн нь амжилтын эхлэл байсан. Бид хоёр 10 дахь жилдээ тасралтгүй хичээллээд явж байгаа. Бид хоёр танд гаргасан амжилт, чансааны мэдээллийг өгье. -Даам та хоёрт юу өгсөн бэ? Н.Хосбаяр: Оюуны спорт ой тогтоолт, логик сэтгэлгээг сайжруулдаг. Сууж сургадаг. Оюун ухааныг хөгжүүлдэг учраас зөвхөн даамдаа биш бүх зүйлд эерэг нөлөө үзүүлдэг. Н.Золбаяр: Даам ямар ч насны хүний сурч болдог спорт. Миний хувьд тэвчээртэй сууж сургахад их нөлөөлсөн. Мөн математик, физикийг хичээлийг илүү амархан ойлгодог нь даамтай холбоотой. -Та хоёр өөр урлаг, спортын төрлөөр хичээллэдэг үү? -Даамыг бид хоёр багаасаа сурчихсан болохоор одоо арай өөр зүйлүүдэд цаг гаргах болсон. Жишээ нь сагс, гар бөмбөгөөр хичээллэж биеэ хөгжүүлэхийг зорьж байна. Мөн чөлөөт цагаараа гитар тоглож сурч байгаа. -Ихэр байх ямар давуу талтай вэ? -Анхнаасаа л хоёулаа болохоор ганцаараа байна гэж төсөөлж чаддаггүй. Бид хоёр ер нь хол байж үзээгүй. Хичээлдээ хамт яваад, тэмцээнд орохын тулд хоёулаа бэлтгэлээ хийгээд аймаг, улс, азийн аварга шалгаруулах бүх тэмцээндээ хамт байдаг болохоор огт уйддаггүй, ганцаарддаггүй. -Би та хоёрыг үнэхээр ялгахгүй юм байна. Хүмүүс ингэж хэлдэг үү? -Бид хоёр судлаад уншаад үзсэн чинь нэг эсийн ихэр юм билээ. Ийм хүмүүс бие, царай, сэтгэн бодох нь хүртэл ижилхэн байдаг гэсэн. Гэхдээ та ингээд сайн харвал бид хоёрын үс өөр, бас Хосоо мэнгэтэй. Анх танилцсан хүмүүс их удаж байж ялгадаг. Манай ангийнхан бол үсээр ялгадаг. Харин багш нар андуурдаг учраас “Ихэр ээ, Хосоо, Золоо” гээд хамт дуудчихдаг. Заримдаа ээж, аав бид хоёрыг андуурна. -Гэр бүлээ танилцуулаач? -Манай аавыг Д.Нямсамбуу гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Ээжийг Л.Туяа гэдэг, багш. Том эгчийг маань Н.Номин, бага эгчийг Н. Анужин гэдэг. Хоёр эгч маань их сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, бид хоёр аав, ээжтэйгээ Улаангом хотдоо байдаг. -Та хоёрын мөрөөдөл, зорилго адилхан байдаг бололтой. Төлөвлөгөөнөөсөө хуваалцаач? -Тийм ээ, адилхан. Заримдаа бид хоёр чимээгүй байж байснаа гэнэт зэрэг нэг үг хэлдэг. Зорилгын хувьд бас шат шатаар ахиад байгаа. Эхлээд бид хоёр улсын аваргад амжилт гаргахыг, дараа нь азийн аваргад амжилттай оролцохыг зорьсон. Харин одоо бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргахыг зорьж, мөрөөдөж яваа. Тийм учраас ирэх гуравдугаар сард болох өсвөрийн УАШТ-д амжилт гаргана. 2023 он бид хоёрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох сүүлийн жил учраас одоо хариад бэлтгэлээ сайн хийнэ. -Өсвөр насны хүүхдүүдэд нийтлэг ямар асуудал тулгардаг вэ? -Өсвөр насныханд үе тэнгийн дээрэлхэлт их байдаг. Үүнийг болих хэрэгтэй. Мөн хүүхдүүд олон нийтийн газар явахдаа үг, үйлдлээ цэгнэж, хараал хэлэхээс татгалзах хэрэгтэй гэж хардаг. Манай үеийнхэн утас, цахилгаан тамхи зэрэгт маш их татагдсан. Хэдийгээр утсаар тоглоом тоглох, найзуудтайгаа чатлах зэрэг нь бид нарт гоё байдаг ч үүнийг тулгарч байгаа нэг асуудал маань гэж харж байгаа. Тасралтгүй хэсэг утсаа оролдохоор толгой өвддөг шүү дээ. Бид хоёр аль болох утсаар бага тоглохыг хичээдэг. Бид видео тоглоомд зарцуулдаг цагаа ирээдүйд сонгох мэргэжилдээ зориулбал үр дүн сайн гарна гэж бид хоёр ярилцдаг. -Хүүхдүүдэд хандаад юуг хэлэх вэ? Н.Хосбаяр: Даамны спортоор хичээллээрэй. Анхнаасаа нэг төрлөөр дагнаад хичээллээд явахаар цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг, мэдээж бүр багаасаа амжилт гаргадаг. Хүүхэд бүр сайн зүйлийг сурч, муу зуршлаас хол байх хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх цагийг байнга гаргаж байгаарай. Утас оролдож байхаар хичээлээ хийгээд ирээдүйн мэргэжилдээ бэлдэх хэрэгтэй. Н.Золбаяр: Цагийг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. Одоо хичээллэсэн ч оройтохгүй. Ямар нэг зүйлээр заавал хичээллэж, бие бялдар, оюун ухаанаа хөгжүүлээрэй гэж хэлмээр байна. -Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.