Тоонот гэрт толгой холбож, урлаг хэмээх агуу ертөнцөд хослон зүтгэж яваа уран бүтээлчдийг энэ удаагийн “Хос багана” буландаа урьсан юм. Өрхийн тэргүүн Ц.Хүсэлбаатарын аав Ё.Цог нь найруулагч, жүжигчин, ээж Д.Дулам нь олноо “уран” хэмээн алдаршсан үйлчин нэгэн байж. Харин эзэгтэй С.Өлзийхүү нялх багадаа өнчирч “эмээгийн охин” болсон гэдэг. Залуу насны, зүү орох завсаргүй хайраар ижилдэж 1989 онд туурга тусгаарласан хос маань өдгөө тохьтой, тулхтай, ахмад уран бүтээлчийн тоонд зүй ёсоор багтаж яваа. Ингээд уран бүтээлч гэр бүлтэй ярилцсанаа уншигч олондоо хүргэе. С.Өлзийхүү жүжигчин нэлээд ажилтай хараахан ирж амжаагүй байсан тул өрхийн тэргүүн Ц.Хүсэлбаатартай эхлээд ярилцсан юм. -Монголын уран сайхны “Гул Аранжин” киноны Аранжингийн дүрийг бүтээсэн гэж ярьдаг. Үнэхээр та Гул Аранжин мөн үү? -Үгүй шүү дээ, би тэр кинонд тоглоогүй. Шагдар гэж надаас нэлээн хэд ах хүн тоглосон байхгүй юу. -Тэгвэл урлагтай холбогдсон нь аав ээжийн нөлөө байсан байх даа? -Урлагийн хүний гэр бүлд төрж өссөн болохоор тэгэлгүй яахав. Миний ээж насаараа Ардын дуу бүжгийн чуулгын хувцасны эрхлэгч, оёдолчин, “уран” Д.Дулам гэж хүн байсан. Аав Ё.Цог маань найруулагч, жүжигчин хүн. Ийм гэр бүлд өссөн болохоор урлагийн хүн болохгүй байхын аргагүй байгаа биз. Аавыгаа дагаж ажил дээр нь очно. Аав хүүхдийн театрт жүжигчин, УАДБЧ-д их бүрээчин, Монгол телевиз, хүүхэлдэйн театрт найруулагч, кино үйлдвэрт зохион байгуулагч гээд урлагийн олон байгууллагад зэрэг олон ажил хийж байсан. Их бүрээ үлээхэд нь би ямар дуртай байсан гээч.
Ээжийгээ хувцас оёод, угааж индүүдэхэд нь оролцдог. Ээжийн өрөөгөөр орж гарч байгаа урлагийн сайхан ах эгч нарыг хараад “ямар сайхан юм бэ” гэж боддог байсан бодолдоо хөтлөгдсөн. -Хэдийд нь найруулагч болсон бэ? -Миний буурал аав холбоочин байсан. Намайг холбоочин юм уу багш бол гэдэг байв. Багшийн техникумд байхад аав нэг өдөр “Орост театр урлагийн сургуульд явах хүүхдүүд шалгалт өгч байна очоод өгөөдөх” гэсэн. Хүүхэлдэйн театрын жүжигчин Сэсээр гэдэг хүн дээр очиж түүнээс анх монолог гэж ийм, этюд гэж тийм юм байдаг гэдгийг сурсан. Тэгээд тэнцсэн. Тэр үед нэг сургуулиас нөгөө сургууль руу явуулдаггүй их хатуу байлаа. Манай холын хамаатны Сэрээтэр гэдэг хүн Боловсролын сайд байсан. Аав тэр хүн дээр очиход “Тийм юм байхгүй. Манай улсад багш хэрэгтэй” гээд зөвшөөрөөгүй. Тэр нь ч бас зөвдсөн юм шиг. Явсан бол юугаа ч мэдэхгүй хүүхэд яах ч байсан юм. Аягүй бол ханьтайгаа учрахгүй ч байсан юм бил үү. Түүний дараа цэргийн алба хааж ирээд байхад Х.Энхжаргал багш намайг найруулагчаар суралц гэсэн. Тэгээд 1991 онд СУИС-д орж 1995
онд төгссөн анхны төгсөгч. Найруулагч Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж багшийн гараар дамжсан ч урлагийн номыг гардаж заасан багш маань Монгол телевизийн уран сайхны удирдагч, найруулагч Х.Энхжаргал агсан. -Гэр бүлийнхээ хүнтэй хэзээ танилцсан бэ? -Бид хоёр биесээ багаасаа мэднэ. Учир нь нэг дошин дээр өссөн болохоор. 1989 онд жүжиг үзэж яваад улам дотносож түүнээс хойш долоо хоноод нэг гэртээ орсон. -Дош нь хаагуур байсан юм бол? -Тэр дош бол хоёрдугаар 40 мянгат. Ирэхээс нь өмнө гэргийнх нь тухай жаахан асуугаад авъя. Хажууд нь ярихгүй байж магадгүй. (Бид инээлдэв) -Таны хань ер нь ямар эмэгтэй вэ? -Миний хань их дайчин, намайг үргэлж цэнэглэж явдаг. Би их няцамхай. Нэг ажил бүтэхгүй бол “За даа ер нь боливол яасан юм” гээд л. Тэгэхэд Өлзий намайг “Чи иймхэн юман дээр ингээд байхдаа яадаг юм бэ. Одоо энэ чинь ингээд л болоо” гэдэг. Миний хань бас их хөгжилтэй. Ямар ч үед санаа сэтгэлээр унах нь ховор. Ер нь хөгжилтэй ч юм шиг, хатуу ч юм шиг, барьц багатай хүн. Хорин жил ханилчихаад гүйцэд таниагүй байгаа шүү. –Эмэгтэй хүн оньсого шиг байх тусам сайхан гэдэг шиг үү? -Тийм. – Хорин жил гэдэг бага хугацаа биш. Амьдралд сайдах, муудах зүйл бишгүй л байдаг.
Тэр бүгдийг яаж зохицуулдаг байв. Бас таны эхнэрийн ямар зан нь таалагддаггүй, ямар нь таалагддаг вэ? -Таалагддаг зан гэвэл бүгдээрээ. Хамгийн сайхан авууштайг нь дээр хэллээ. Хэцүү бэрхийн цаад талд заавал гардаг. Түүгээр нь би цэнэглэгдэж явдаг. Харин хамгийн таалагддаггүй зан нь цаг барьдаггүй. Есөн цагт хүнтэй уулзана гэсэн бол есөн цагт л гэрээсээ гарна шүү. Тэр нь жаахан таалагддаггүй. Тэгээд би түүнд нь одоо жаахан дасаад байна. -Уусчихсан уу? -Харин тийм, ууссан. Миний хань сайхан дуулна, бүжиглэнэ. Ер нь л ургамал авьяастай хүн. Өлзий халамжтай сайн ханиас гадна хамгийн сайн ээж. Хүүхдүүдээ загнана гэж ер байхгүй. Одоо л харин охин жаахан том болоод, бие даах гээд хааяа ээжийгээ уцаарлуулж харагддаг. Хүүхдүүддээ их нялуун, бас их өмөөрдөг. Миний хань ховорхон. Бас би их азтай. Сүүлийн үед зав нь болохгүй юм. Түүнээс зав гараад гэртээ байвал юм болгонд хүрч чаддаг, их түргэн. Ямартаа л сувилагч байхдаа “түргэн гарт” нэртэй байхав дээ. -Өлзийхүү жүжигчинг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэхэд маргаад байх хүн үгүй биз. Та тэр сайхан бүсгүйг хардаж байв уу? -Үгүй, ёстой харддаггүй. Бардам хэлнэ шүү. Хардаж яах юм. -Хүмүүс хайртай бол хартай, нэг бол хар гэж өвчин гээд янз бүрээр ярьдаг. Таныхаар хар гэж юу юм бэ? -Өвчин. Хайртай бол хартай гэдэг юу л бол. Хар гэдэг итгэлийн эсрэг зүйл. -Тэгэхээр та эрүүл юм байна, тийм ээ? -Тийм. Эрүүл хүн. (Инээлдэв) Миний хань хардуулах юм хийгээд явдаг хүн биш. -Тэгвэл таныг хардаж байв уу? -Үгүй. Би хэллээ шүү дээ. Итгэлийн эсрэг зүйл гэж. Нэг нэгэндээ итгэхгүйгээр яаж амьдрах вэ. Зарим хүнийг харахад орох байх газраа олж ядаад хардаж байгаа харагддаг. Тэр дэмий. Тийм амьдрал яаж сайхан байхав. Ядаж л өөрт зовлон биз дээ. Хуучны улсууд, ахмадууд “Өөрөө явдалтай хүн л хартай” гэдэг. Тэр үнэн байх. -Та эхнэртээ хэр халамжтай вэ? -Чадлынхаа хэрээр л халамжилдаг. Миний эхнэр олны нүдэнд сайхан харагдах ёстой. Хумс хуруу, хувцас хунар гээд. Тэр бүгдэд нь би л анхаарал тавих хэрэгтэй. За одоо ирж байна. -Та хараагүй хэрнээ яаж мэдэж байна аа? -Алхаагаар нь танилаа. -Өлзийхүү жүжигчинг сайхан дуулдаг. Харин та дуу хуурт хэр вэ? -Өө. Гайгүй шүү. Найранд гурван дуутай. Гэхдээ гурав дуулах нь ч юу юм хөөрхөн аргална шүү. Хоосонгүй гэсэн үг. -Хамтдаа дуулж байсан байлгүй? -Айлын найрт бол хоёулаа босч байгаад цангинатал авна шүү. -CD гаргавал ямар юм бэ? -Тэр ч арай худлаа байх. Тийм хэмжээний ч арай биш ээ. -Бас Өлзийхүү жүжигчин “чирээд” аваад явчих байлгүй дээ.? -CD гаргах талаар бодож үзээгүй, бодъё байз. Болохгүй ч юу байхав тийм ээ. (Бид инээлдэв) Үнэхээр тэр эхнэрээ хөлийн чимээгээр нь таньсан байлаа. -Монголын ард түмэн өөрийг чинь жүжигчин С.Өлзийхүү гэдгээр нь сайн танина. Урлаг хэмээх агуу ертөнцөд алхахаас өмнө сувилагч мэргэжилтэй байсан. Яагаад тэр сайхан энэрэнгүй үйлсээс энэ мэргэжил рүү “урвах” болоо вэ? -Намайг сувилагч байхад урлагийн үзлэг, багт наадам гээд урлаг соёлын олон наадам болдог байлаа. Дуулах, урлагийн ямарваа нэгэн тоглолт үзэх дуртай тийм л охин байсан. Хүсэлдээ хөтлөгдсөөр л ийшээ ирсэн дээ. -Хорвоод хослон амьдрах гараа нь 1989 онд эхэлсэн гэдэг. Уран бүтээлийн гараа хэдийд эхэлсэн бэ? -1992 онд мэргэжлийн жүжигчин гэсэн диплом өвөртөлснөөс эхэлсэн. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Хамгийн анхны тайзны уран бүтээл Санчигдоо
найруулагчийн “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора, дэлгэцийнх нь Б.Нямгаваа найруулагчийн “Цахилж яваа гөрөөс” киноны Дэжидийн дүр юм. Ер нь уран бүтээлийн гараа маань урлагийн томчуудтай хамтарснаар эхэлсэн болохоор одоо ч тэр эрчээрээ явж байгаа. Зааныг урт насалж удаан жаргахын бэлгэдэл гэдэг. Цуглуулга олон болсон байх даа? -Олоон олон. 300 гараад л явж байгаа. Цуглуулагчин хүн тоолдоггүй гэдэг шүү дээ. -Арын хонхор дүүрч байвал арван түмэн адуугаа бүрэн байна гэж үздэг гэдэг үлгэр шиг үү? (Тэрбээр инээв) -Тойм тоог нь багцаалдаад л тэр. -Жүжигчин, сувилагчаас гадна давхар мэргэжилтэй болоод байгаа дуулдсан. -Кинонууддаа зургийн даргаар ажилласан. Зургийн дарга гэдэг арын албаны том ажил. Тухайн кинонд хэрэглэж байгаа ширхэг хадааснаас авахуулаад бүхий л зүйлийг бэлтгэж өгдөг. Бас ч амаргүй ажил шүү. Энэ кинонд жүжигчнийхээ хувьд гол дүрийн охины ээжид тоглосон. “Хувьсал” продакшны урилгаар “Ээж ээ би танд хайртай” гэж жүжигт тоглож байгаа. -Айлын эзэгтэй ерөнхий сайд, сангийн сайдын үүргийг гүйцэтгэдэг гэдэг. Хямрал хэр мэдрэгдэж байна вэ? -Мэдрэгдэлгүй яахав. Уран бүтээл дээр илүү мэдрэгдэж байгаа. -Хүүхдүүдээс чинь та хоёрын мэргэжлийг өвлөх нь үү? -Охин Соёл урлагийн сургуульд сурч байгаа. Би өмнөөс нь жүжиглэх биш, аав нь найруулаад өгөх биш. Жүжигчин хүн яг үзэгчдийн нүдэн дээр байдаг учир авьяастай бол цаашаа явах байх. Одоо ямар ч байсан сурч байгаа. Миний хүүхэд тийм болно, ийм болно гэж тааж хэлэхэд бэрх. -Туршлагатай уран бүтээлчийн хувьд жаахан ч гэсэн юм олж харсан болохоор л тэр сургуульд оруулсан юм болов уу? -Хүслээ дагаад орсон. Сайн хөдөлмөр хэрэгтэй. -Хүмүүс эд хөрөнгөтэй холбож ярих нь цөөнгүй байдаг. Таныхаар айл гэрийн аз жаргал нь юунд байдаг вэ? -Элэг бүтэн, эрүүл энх байхад. -Монгол эрчүүдийн ямар зан таалагддаг, ямар байгаасай гэж боддог вэ? -Гадаад дотоодын олон орноор явж үзсэн. Харьцуулахад манай
монгол эрчүүд нуруу, царай зүс, ген сайтай. Монгол хүн болж төрсөндөө бахархаж байгаа нэг хэсэг байхад архи, дарс уусан бүтэлгүй хүмүүс байдаг. Ер нь амьдралыг өөдрөгөөр харж байх хэрэгтэй. Монгол эрчүүдэд бусад улс үндэстний эрчүүдээс илүү сайхан чанар олон байдаг. Харин түүнийгээ өөрсдөө тордох хэрэгтэй. Эр хүн гэхээр ноён нуруу гэдэг үг заавал холбогддог. Тийм болохоор айхтар адгаж далдаганахгүй, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, гэр бүлээ аваад явчихдаг байгаасай гэж боддог. -Таныг орж ирэхийг хань чинь хараагүй хэрнээ алхаагаар чинь таньсан. Та ханиа хараагүй хэрнээ алхах чимээгээр нь таних уу? -Танилгүй яахав. Хаалганы цаана хоолойгоо засах, бараг амьсгалахад нь хүртэл таньдаг. -Та хоёр манай урлагийн шилдгүүд, бас сайхан гэр бүлийн тоонд зүй ёсоор багтдаг. Өнөөгийн залууст юу гэж захих бол? -Хайртай хүнтэйгээ гэр бүл болж хоёр биенийгээ хайрлаж, нэг нэгэндээ итгэж, үзэл бодолдоо үнэнч, хэзээ ч урваж шарвахгүй байвал аз жаргал аяндаа ирдэг. Гэхдээ над шиг хурдан шийдэж болохгүй шүү. Бид хоёр бие биенээ багаасаа мэддэг байсан. Бас надад аз дайрсан. Тухайн үеийнхний хүн чанар өөр байж. Одоо бол өөр шүү дээ. -Ц.Хүсэлбаатарынх бүл нэмэх төлөвлөгөө бий юу? -Нялх хүүхэд харахаар хөөрхөн байдаг юм. Одоохондоо болно болохгүй гэж бодоогүй л байна. Цаг хугацаа харуулах байх даа. (тэрбээр инээв)
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Ц.Хүсэлбаатар: Миний хань ховорхон. Бас би их азтай учир нь…
