“Эмээтэйгээ адилхан дуулдаг, ээжтэйгээ өвчсөн мэт ижилхэн” гэх үгэнд урамшин, тэднийхээ үргэлжлэл гэдэгтээ бахархаж өнөөдрийг хүрсэн Соёлын тэргүүний ажилтан, Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин , Уртын дуучин Б.Батцэцэглэнг энэ удаагийн нийтлэл дээрээ онцолж байна. Дөрвөн охинтой айлын хамгийн бага охин тэрээр багаасаа эмнэг сургах , мал хариулах гээд хөдөөний олон төрлийн ажлыг хийж өссөн бөгөөд эмээ нь анх ардын дуу зааж өгсөнөөр дуучин болох гарааг нь эхлүүлжээ. Говийн уудам цэлгэр орчинд өссөн нь түүнд ардын бөгөөд уртын дуу дуулахад маш ихээр нөлөөлсөн ажээ. Уран бүтээлчдийг ар гэр нь ойлгож дэмжих нь маш чухал байдаг. Түүний гэр бүлийн хүн мөн урлагийн хүн учраас маш их дэмжихийн зэрэгцээ уран бүтээлд нь тус болж хамгийн эхний сонсогч нь болдог байна. Бүх хувцасаа өөрөө урлаад өмсчихдөг урлагыхан ховор бизээ. Өөрийнхөө ихэнх дээл, хувцасыг өөрөө урладаг , мөн өөрийн зүүх бүсээ ч ийнхүү өөрөө урласан уран бүсгүй ажээ. Уран бүтээл хийхгүй удахаар нутгийн маань малчид “Яагаад зурагтаар гарахгүй байна” гээд залгадаг юм, энэ л хандлага үйлдэл нь надад урам зориг өгдөг хэмээжээ. Монгол өв уламжлал, ахуй соёлоо тээж залууст үлгэрлэн харуулахыг хүсдэг тэрбээр хүүхэд насандаа эмээтэйгээ бууз хуушуур хийн зарж, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч явжээ.
Дуучин эмэгтэйн хувьд эмээтэйгээ өнгөрүүлсэн энэ л цаг хугацаа, амьдралынх нь хамгийн нандин сайхан үе болох талаар urug.mn сайтад өгсөн ярилцлагаараа хуучилсан юм. Тэрбээр энэ талаараа ярихдаа: “Сүүлийн үед уран бүтээл маань олноор төрөн гарч байна. Хамгийн сүүлд “Баян Монгол” дуундаа клип хийж, үзэгч сонсогч олондоо өргөн барьсан. Тоглолтоо хийж буй болохоор янз бүрийн мэдээллүүд сошиалаар явж л байна. Нэг мэдээний доор, “Өө энэ чинь хуушуур, бууз хийгээд л зараад явдаг байсан” гээд л бичсэн байсан. Би үүнд хэзээ ч эмзэглэхгүй. Ингээд хэлчихвэл доошоо орно гэж бодсон байх. Манай эмээ хэлдэг байсан. “Хүн юу ч хамаагүй хийгээд сурах хэрэгтэй. Яаж амьдрахыг хэн ч таашгүй. Тиймээс сурсан зүйл гэдэг хэзээд хэрэг болж, аминд орох үе ч бий”
гээд ярьдаг байсан юм. Ийм хүмүүжлээр өссөн би өнөөдөр алдах биш оноод л явж байна” хэмээжээ. Мөн түүний хувьд урлагийн амьдралаасаа хаяа нэг шантрах үе бишгүй тохиолддог талаараа хуваалцсан юм. Уран бүтээлчид үзэгчдийн оюун, сэтгэлийг цэнгээж, гуниглуулж, соён гэгээрүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн ч тэд төгс хүмүүс биш. Төгс байх ч боломжгүй. Тиймдээ ч тайзан дээр өөртөө сэтгэл ханамжгүй дуулсан үедээ гутарч, өөрийгөө “дуучин биш” гэж хатуухан дотроо зэмлэх үе түүнд олон тохиожээ. Гэсэн ч эмээгийнхээ хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлж, итгэлийг нь даах гэж хичээж буй тэрбээр шантарсан ч эргээд босох хүч байдаг талаараа ярилаа.
Тэрбээр мөн хэлэхдээ: “Би ачтан буурлуудынхаа ачийг хариулж барахгүй ч гэсэн хичээж байгаа. Сүүлд ээжийнхээ хэлсэн үгэнд тоймгүй их баярласан. Ээж маань “Миний охин ээжийнхээ ачийг хариулчихсан гэж бодоорой” гэх үгийг сонсоход нулимс мэлтэлзээд явчихсан. Хүн хэзээ ч ээжийнхээ ачийг хариулж чадахгүй л дээ. Гэхдээ л тийм үг сонсох сайхан юм билээ. Ээж минь миний өдий зэрэгтээ явж байгаад баярлаад л ингэж хэлсэн байх” хэмээсэн юм. Мөн “Зууны мэдээ” сонинд өгсөн түүний дараах ярилцлагыг хүргэе. Сэтгүүлч: Та сүүлд “Баян Монгол” гэсэн уран бүтээлээ сонсогчдод хүргэсэн. Энэ дуу төрсөн түүхийг сонирхмоор санагдлаа? “Баян Монгол” уран бүтээлийн аялгууг нь М.Дугаржав зохиож, өөрөө дуулж пянзанд бичүүлсэн байдаг. Харин үгийг нь Н.Наваан-Юндэн бичсэн. Мөн энэ дууг дахин намайг эгшиглүүлэхэд Улсын Филармонийн симфони найрал хөгжим, УДБЭТ- уран бүтээлчид, Үндэсний урлагийн их театрын бүжгийн ангийнхан хамтарлаа. Олон уран бүтээлчийн хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн сайхан уран бүтээл болсон. Миний хувьд хуучны сайхан дууг сонсогчдын сэтгэлд хүрсэн тэр л хэвээр нь буюу М.Дугаржав гуайн дуулснаас хэт өөрчлөөгүй гэдгээрээ онцлог болов уу. Сэтгүүлч: Энэ дуунаас гадна хуучны олон бүтээлийг сэргээж дуулсан. Ер нь дуулах бүтээлээ сонгохдоо ямар зарчим баримталдаг вэ? Би уран бүтээлийн хоёр цомог гаргасан. Мөн цомогт ороогүй, шинээр дуулсан дуунууд, студид бичүүлж амжаагүй ардын дуу олон бий.
Миний хувьд хуучны дуу дуулахаар сонгохдоо өмнөх дуучны дуулалтыг давталгүйгээр тухайн дууг өөрийн болгож, дахин амьдруулахыг хүсдэг. Үүний тулд судалгаа багагүй хийдэг. Сэтгүүлч: Судалгаа хийх явцад ардын болон уртын дуутай холбоотой олон сонирхолтой баримт олддог байх даа? Монголчууд бид уртын болон ардын дууны баялаг түүхтэй ард түмэн. Миний хувьд тухайн дууг сонгохдоо их болгоомжтой ханддаг. Учир нь тус бүтээл дахин давтагдашгүй. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон бүтээлийг сэргээж дуулах мэдээж хэцүү. Уран бүтээлчийнхээ хувьд алс ирээдүйгээ хардаг. Олон жилийн дараа үр хүүхэд, ач зээ маань ээж, эмээгийн дуулсан дуу гээд сонсоно шүү дээ. Тиймээс тэдэндээ сайхан дурсамж, уран бүтээл үлдээхийг эрмэлздэг. Учир нь би ч ялгаагүй өмнөх үеийн дуучдаа сонсож өссөн. Магадгүй тэр сайхан уран бүтээлчдийн бүтээл, аялгуу эгшгээр хөглөгдөж, өнөөдрийн уран бүтээлээ туурвиж байна. Сэтгүүлч: Та Дорноговь аймгийнхаа нэрийг гаргаж яваа уран бүтээлч.
Энэ сайхан нутгийн энерги таныг хамгаалж, дагаж явдаг болов уу? Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул. Миний уран бүтээлийн ард энэ сайхан нутгийн минь уул ус, ард түмнийх нь буян заяа түшээстэй бий. Нутгийн удирдлагууд ч шинэ бүтээлийг минь сайн дэмждэг. Анх СУИС-д ороход манай нутгийн зөвлөлийн дарга н.Одонтуяа эгч надад итгэл хүлээлгэж байлаа. Энэ хүний дэмжлэгээр дуучин болох сонголт хийсэн. Сэтгүүлч: Үндэсний урлагийн их театр хэмээх их айлтай хэрхэн хувь заяа, уран бүтээлээ холбов? 2006 онд ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан гэж болсон. Энэхүү уралдаанд би Дорноговь аймгаасаа зорьж ирээд, хөгжмийн цөөхүүлтэй нь хамтарч оролцсон юм. Анх ингэж л энэ том байгууллагын хаалгаар алхсан түүхтэй. Харин 2013 онд СУИС-ийг төгсөөд театртаа албан ёсоор дуучин нь болж байлаа. Аливаа улс үндэстнийг соёлоор нь шинждэг гэж дэлхийн урлаг судлаачид үздэг.
Монголчуудын хувьд соёл, үндэсний, язгуур урлагийн баялаг түүхтэй. Манай театрын хувьд энэ түүх, үндэсний баялгаа олон улсад сурталчилж, таниулах том зорилготой. Сэтгүүлч: Уртын болон ардын дууны том ялгааг юу гэж боддог вэ? Зохиогдсон цаг хугацааны хувьд хоорондоо ялгаатай. Уртын дуу нь арай түрүү үеийнх. Манай улсын хувьд суурин иргэншил буюу хүрээ үүссэн цагаас ардын дуунууд зонхилж эхэлсэн. Түүнээс өмнө үед ард иргэд маань ихэвчлэн уртын дуу дуулдаг, аялдаг байжээ. Мөн дуулах арга барилын хувьд тэс өөр. Тухайлбал, уртын дуу нь том цараатай учир амьсгаа их шаарддаг. Харин ардын дуу дуулахад нь илүү хэв маяг, эв хэрэгтэй Сэтгүүлч: Та энгийн үед ч ихэвчлэн монгол дээлээр гоёдог. Тоглолтын хувцас, дээлээ өөрөө урладаг гэсэн үү? Дунд сургуулийн сурагч байхдаа л дээл оёж сурсан. Эмээтэйгээ өссөн минь дээл урлахаас эхлээд хөдөлмөрч чанарт сургасан гэж боддог. Тиймээс зүгээр суух дургүй. Ер нь тоглолтын хувцсаа өөрөө ихэвчлэн урладаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд ажлын ачааллаас шалтгаалаад загвар, санаагаа хэлээд төрсөн эгчээрээ оёулдаг болсон. Сэтгүүлч: “Үлэмжийн чанар” дууг таны дуулснаар хүмүүс сонсох дуртай. Дуу эзнээ олно гэдэг нь энэ байх даа? “Үлэмжийн чанар” дууг багаасаа сонсож өссөн. Манай гэр Хамрын хийдээс урагшаа 50 километрийн зайд байдаг байлаа. Тиймдээ ч нутгийн гайхалтай хутагтын бүтээсэн энэ дууг урын сандаа оруулах нь миний хувьд нэр төр, хариуцлага болов уу.
Сэтгүүлч: Өнөө үеийн ардын болон уртын дууны хөгжлийг дэлгэрүүлэхийн тулд яах хэрэгтэй гэж боддог вэ? Дуучид сайн уран бүтээл хийх хэрэгтэй. Нэг дууг олон дуучин дуулах тусам хүмүүс сонсоно. Энэ нь уран бүтээлчдийн дунд өрсөлдөөнийг бий болгодог. Үүнээс хөгжил эхэлнэ гэж бодож байна. Учир нь олон сайхан ардын болон уртын дуу төрснөөр энэ урлагийг сурах хүсэлтэй хүүхэд нэмэгдэнэ. Б.Батболд багш маань “Уртын дуу, ардын дуу эгшиглэх тусмаа хөгжинө. Дуулахгүй байвал замхарна” гэж байнга хэлдэг байлаа. Багш маань уртын дууг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх үйл хэргээ их сайн хийсэн. Сэтгүүлч: Таныг пянз гаргах гэж байгаа гэж сонссон. Энэ ажил тань хэр урагштай байгаа вэ? Ардын дууны пянз гаргах болон анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Пянзны ажил 90 хувьтай явж байна. Мөн энэхүү пянз маань орчин үеийн хөгжмийг ардын хөгжмийн дуугаралттай хослуулснаараа онцлог. Зарим дуучдыг харахад тоглолт хийхдээ өөрөө 3-4 дуу дуулаад тайзнаас бууж, өөр уран бүтээлчийг урьдаг. Харин миний хувьд тайзан дээр тасралтгүй 30 минут дуулахаар төлөвлөж байгаа. Мөн энэ удаагийн тоглолт маань амьд хөгжимтэй тоглох учир үзэгчдэд илүү бодит мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ. Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн энэхүү уран бүтээлч
бүсгүй маань анхны бие даасан тоглолтоо энэ оны 11.23-нд Соёлын төв өргөөнд толилуулах гэж байна. Тус тоглолт ардын болон уртын дууг үндэсний хөгжим, амьд хөгжимтэй хоршуулах гэж байгаагаараа онцлогтой болох аж. Өөрөөр хэлбэл уламжлал шинэчлэлийг хослуулж, үнэнч үзэгчдэдээ, ардын дуунд дуртай хэн бүхэнд бэлэг барихаар болжээ. Тэрбээр тоглолтынхоо талаар өөрөө ярихдаа “Өөрийнхөө уран бүтээлээс дээжлэн үзэгч олондоо хүргэх гэж байгаадаа баяртай байна. Энэ бол ашгийн бус тоглолт гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тоглолтын тайзнаас авхуулаад олон зүйлд ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэн хүн бүхэнд зориулсан орчин бүрдүүлэхээр хичээж байна. Үүднээсээ эхлээд л монгол ёс заншил, идээ будаа, монгол ахуй амьдрал “үнэртсэн” орчин таныг угтах болно. Тоглолт үзэхээр ирэхдээ үзэгчид маань гэр бүлээрээ, найз нөхдөөрөө зураг авхуулах боломжийг ч бүрдүүлэхээр манай баг хамт олон ажиллаж байна. Та бүхэн тоглолт үзэхээр ирэхдээ үндэсний дээл хувцсаа өмсөн ирж, ардын дууны найрын үдшийг хамтдаа бүтээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэсэн юм. Тоглолтод Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид болон Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат, Гавьяат жүжигчин Ө.Уянга нарын уран бүтээлчид оролцох ажээ. Мөн үргэлжлүүлээд орон нутгуудаар өөрийн тоглолтоо төлөвлөсөн байгаа ажээ. Монгол эмэгтэйн Уран гоо, Үзэсгэлэн гоо, Авьяас төгөлдөрийг өөртөө шингээсэн, ухааны сайхан аашны сайхан цөм бүрдсэн бүсгүйдээ сайн сайхан бүхнийг хүсье. Урлагын Янжинлхам бурхан үргэлж ивээж байг. Эх сурвалж: Urug.mn , ikon.mn , zarig.mn , Зууны мэдээ сонины 2022.11.04-ний өдрийн мэдээ ,
Categories
Уран гоо , Үзэсгэлэн гоо , Өвөрмөц донжтой ардын дуучин Б.Батцэцэглэн
