Categories
Чөлөөт

100 хүрч буй ахмадуудын ЦАГААН САРЫН ДУРСАМЖААС… БУЯНТАЙ БУУРЛУУД МИНЬ УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ

“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн шинийн нэгэн хаяанд ирлээ. Цагаан сарыг ахмад буурайгаасаа үг сонсож, ураг саднаараа учран золгодог баяр хэмээн бэлгэшээдэг. Бид цагаан сартай холбоотой дурсамжаа хуваалцаж, залууст сургаалаа хайрлах эгэл жирийн ахмад настнуудынхаар зочиллоо. Тэд балчир үеийнхээ цагаан сарын баярын дурсамжаас хуваалцаж, ирээдүй хойчдоо зөвлөгөө өгсөн юм. БИЧЛЭГ: -Өндөр настан Л.Батаа 1924 онд төрсөн бөгөөд 100 насыг шүргэж буй. -Тэрбээр “Цагаан сараар эртнээс хадаг бэлэглэж ирсэн юм. Хадаг, самбай одоотой адилгүй олон янз байлаа. Даш хадаг, сайран хадаг, самбай гээд. 1930-аад оноос эхлээд бух голио гэдэг юм гарч ирээд, цаашлаад дөрвөлжин хайрцагтай орос сахар дэлгэрсэн. Тэр үед хүүхэд багачуудад утсаар хэлхчихсэн ээзгий, хатаагаад утсаар оосорлочихсон шахам, жижиг жижиг уутанд бяслаг шахаж модны завсар хийгээд, хатаагаад утсаар сэнжлээд зүүчихнэ. Чихэр, боов байгаагүй тул хүүхдийн бэлэг тийм байлаа” хэмээв. Л.Батаа гуай “Залуус та нар мэргэжилдээ эзэн болж, өөртөө итгэлтэй, төр засаг, түмэн олондоо итгэлтэй хөдөлмөрлөж байж нэр цол, гавьяа шагналд хүрнэ. Хүнд үнэлэгдэнэ. Төрдөө үнэлэгдэнэ. Тэгээд хойч үедээ үлгэр жишээ болдог. Үлгэр жишээ болж л явах ёстой” гэж захив. -Өндөр настан В.Дэнсмаа 93 настай: -Тэрбээр оёдлын үйлдвэрт гуч гаруй жил ажиллаж тав, зургаа, долдугаар жилийн гавшгайч болж байжээ. Хөдөлмөрийн үнэ цэнийг эрхэмлэдэг тэрбээр цагаан сарын талаарх дурсамжаа ийн хуваалцав. “Хэвийн боовыг таллаж өгнө. Бүтэн хэвийн боов хүүхдэд өгөхгүй. Дээр нь ёотон юм уу, хоёр гурван ширхэг ааруул тавьж өгнө. Эмэгтэй хүүхдэд нимгэн эрээн даавуу өгнө. Тав жарын дурдан гэж байдаг. Тэрийг хайчлаад алчуур бэлэглэнэ. Та нарт том болоод хэрэгтэй, хадгалж яваарай гэж өгдөг. Мөн эмэгтэй хүүхдүүдэд гар нүүрний саван хувааж өгдөг байлаа. Тэр үед юм ховор байсных биз дээ. Нэг төгрөг өгсөн хүнд л их баярлана даа. Бид нарт мөнгө өгөхгүй шүү дээ. Гурван төгрөг өгсөн хүнд бүр их баярлана. Залбираад л авна. Хоёр алгаа тэгшхэн болгож байгаад алгаа тосоод авна” хэмээн ярив. Тэрбээр “Түмэнтэйгээ эв найрамдалтай явахыг хамгийн их захидаг. Хүнтэй муудаж болохгүй. Настнуудаа сайхан хүндлэх хэрэгтэй. Ажлаа их сайн хийх ёстой. Улсыг хуурч болохгүй, сайн ажилчин болоорой. Үр хүүхдээ ном, эрдэм сайн сураарай гэж захидаг. Хүн бүхэн эвтэй найртай сайхан амьдрах нь гол юм. Айл гэдэг чинь хоёр хүн ханилаад, үр хүүхэдтэй болно. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлээд эв найрамдалтай, насан туршид л амьдарвал их сайхан гэж боддог” гэв. -Өндөр настан Харчин овогтой Банзрагчийн Янжиндулам 86 настай: -Б.Янжиндулам гуай “Сүүлийн үед цагаан сарыг өргөн тэмдэглэдэг болж байна. Цагаан сарыг чинь бүр байлгачихсан юм шүү дээ. Хотод цагаан сар хийх нь байтугай, малчдын баяр шүү дээ гээд болиулчихсан байлаа. Тэгэхэд би хивсний үйлдвэрт ажиллаж байсан юм. Тэр үед цагаан сар болоод, аав, ээждээ банш, буузыг нь хийж өгмөөр байдаг. Гэр рүүгээ явмаар байдаг. Явуулах шинж байдаггүй. Манайх 120 мянгатын есдүгээр байшинд байсан юм. Гэр ойрхон. Тэгээд яадаг юм. Гараад нууцаар явчихъя гээд улсуудтай ярьж байгаад яваад өгсөн. Маргааш өглөө ирсэн чинь самбар дээр улсууд бөөгнөрөөд л байна. Би юун самбар гээд л ороод ирсэн. Хүн болгон над руу хараад инээгээд нэг л хачин. Тэгээд яах вэ, ажилдаа үүртээд л байж байсан. Өдөр хоолондоо орох гээд явцгаасан. Энэ улсууд юунд бөөгнөрөөд байна гээд очоод харсан чинь миний зургийг зурчихсан байна. Бууз зурчихсан. Одоо Соёлын гавьяат зүтгэлтэн болсон Түмэнбаяр зураач бууз зурчихсан. Буузан дээр би суучихсан, халат нь хийсчихсэн дүрслэлтэй. Тэгээд би, ямар хачин юм бэ. Өөрсдөө эцэг, эхгүй юм шиг. Би эцэг, эхдээ битүүний орой хоол ундыг нь хийж өгөх гэж л очсон доо” хэмээн дурсамжийн шаргал хуудсаа сөхлөө. Түүнчлэн тэрбээр “Манай ээж, аав хоёулаа цэргийн хүн. Тэгээд Дорж генералынд очсон юм. Одоогоор бодоход трико надад өгөхгүй юу. Гэтэл би, үгүй яана аа. Оймстойгоо цуг өмд байдаг гэнэ гээд хөхрөөд” гэж мартагдашгүй бэлэг авсан цагаан сарынхаа сониноос хуваалцсан юм. Б.Янжиндулам гуай хүмүүс нэгнийгээ хүндлэхэд хамгийн их баярладаг бөгөөд “Бид нар чинь монгол дээлээрээ л их гоёдог байлаа шүү дээ. Монгол дээлээрээ гоёхдоо хөх дэлэн, гуя хасаа гаргачихсан, тийм биш. Одоо манайхан чинь тийм л юм өмсөөд байх юм. Ер нь эмэгтэй хүн чинь хөх дэлэнгээ гаргадаггүй юм шүү. Хормой хотоо цэмцгэр сууна” хэмээн зөвлөв. Ингээд Б.Янжиндулам гуайн бичсэн ерөөлөөр бичвэрээ өндөрлүүлье. Төр маань төвшин байгаасай Түмэн олон минь амгалан байгаасай Хэлсэн үгнүүд нь үнэн байгаасай Хийсэн ажил үйлс нь шударга байгаасай Мөнх хөх тэнгэрээсээ ивээгдэж Мөрөн голын уснаасаа ундаалагдаж Алтан хөрст газар шорооноосоо тэжээгдэж Авралт бурхны ивээл, нигүүлсэл, хаалт, хамгаалалт, хангамж Халх Монгол орны минь дээр Мөнхийн мөнхөд байх болтугай Ерөөл ерөөлийн дээдийг аваад Ертөнцийн их наран дор Есөн үеэрээ жаргаж явах болтугай Сар шинэдээ сайхан шинэлээрэй, Монголчууд аа.

Leave a Reply

Your email address will not be published.