XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н хаяа дэрлэн ойртон иржээ. Бид цагаан сарын баярыг ураг садныг учруулж, холыг ойртуулдаг баяр хэмээн чухалчилдаг. Тэгвэл энэ бэлгэдэлтэй баяраараа дараах нийтлэг агуулгаар бусдыгаа шүүхгүй байхыг зөвлөж байна. БУСДЫГ ХАРАГДАХ БАЙДЛААР НЬ ШҮҮМЖЛЭХ Гэрэл зургийг: Envanto Гэрэл зургийг: Envanto “Чи чинь яасан их таргалаа вэ, тураач” эсвэл “Нүднээс гартлаа турчихсан байна шүү дээ. Олигтой хоол унд иддэггүй юм уу” хэмээн уулга алдах хамаатан садны хэн нэгэн тантай таарч байв уу? Эдгээр асуулт ч гэмээр, шүүмж ч гэмээр үгс хүнд хэрхэн тусдаг талаар та өмнө нь бодож байсан уу. Үүнийг “body-shaming”, “fat shaming” ч гэж нэрлэдэг. Хэн нэгнийг харагдах байдлаар нь гоочилж, сэтгэлд нь “юм” хийхээр үгс хэлэхийг ийн тайлбарлаж болно. Өнгөрсөн жилийн цагаан сараар хэвийн жинтэй байсан хэн нэгэн энэ жилийн цагаан сараар жин нэмчихсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ жин нэмэх, эсвэл хэт турахын цаана ямар шалтгаан нуугдаж буйг бид мэдэхгүй тул бусдыг гадаад үзэмжээр нь өнгөцхөн дүгнэхгүй байхыг хичээгээрэй. Зарим хүн гадаад төрхийнх нь өөрчлөлтөөр бусадтай яриа өдөх гэж оролддог. Гэвч энэ нь тухайн хүний сэтгэлийг зовоож буй эмзэг сэдэв ч байхыг үгүйсгэхгүй тул хэн нэгнийг харагдах байдлаар нь шүүмжлэхээсээ өмнө тунгаах хэрэгтэй аж.
“ГАНЦ ХҮН АЙЛ БОЛДОГГҮЙ, ГАНЦ МОД ГАЛ БОЛДОГГҮЙ” ГЭХ ҮЗЭЛ Цагаан сарын баяраар жилдээ уулзалдаагүй хамаатнууд учран золгохын сацуу ганц бие олон жил яваа хүмүүсээс хань нэхэж шалгаах нь түгээмэл үзэгдэл болсон гэлтэй. “Чи хүнтэй суугаагүй л байна уу” хэмээнэ. Учиг нь дотроо хэн нэгэн сайн хүнтэй айл болоосой хэмээн бодох ч аман дээрээ “Гэр бүл зохиохгүй бол одоо оройтлоо” хэмээн шүүмжилнэ. Гэвч та олны дунд эвгүй байдалд оруулахуйц ийн хэлснээр түүнд гэр бүлтэй болох бодол төрүүлэх биш харин ч бушуухан нөгөө өрөөнд ормоор санагдуулахыг үгүйсгэхгүй юм. Хэн нэгнийг хэзээ айл болохыг, ганц бие байгааг шүүмжлэх нь бусдын амьдралд хошуу дүрж буй нэг хэлбэр мөн. Эрх чөлөөт энэ нийгэмд хэзээ амьдрал зохиож, айл болох нь хувь хүний дур бөгөөд ганц бие байх нь гэм биш гэдгийг санаарай. ХҮҮХЭД ЧИНЬ ОРОЙТЛОО,
“ОДОНГИЙН ХҮҮХЭД” ГАРГА Гурван хүүхэдтэй гэвэл дөрөв дахиа төрөөд, “Одонгийн хүүхэд гарга” хэмээнэ. Хүүхэдгүй айлыг “Хүүхэд чинь оройтлоо” гэж хэзээ жирэмслэхээр төлөвлөж буйг асууна. Энэ бол тухайн гэр бүлийн өөрсдийн шийдэх, амьдралын чухал шийдвэр гэдгийг харгалзан ийм асуулт шууд тавихгүй байхыг зөвлөе. Ялангуяа олны өмнө хэн нэгнээс ингэж асуух нь бүдүүлэг үйлдэл юм. Учир нь бид хүн ямар шалтгааны улмаас хүүхэдтэй болж чадахгүй байгааг мэдэхгүй. Мэдэхгүй учраас өнгөц дүгнэж, өөрсдийнхөө санаа бодлыг тулгах нь өрөөсгөл асуудал юм. Түүнчлэн “Одоо нэг охинтой болбол, хүүтэй болчихвол” зэргээр хүүхдийн хүйс заан зөвлөгөө өгнө. Гэхдээ бид хүүхэдтэй болохдоо хүйсийг нь
сонгодоггүй шүү дээ. ХҮҮХДЭЭ БҮҮ БУСАДТАЙ ХАРЬЦУУЛ Аав, ээж байх нь тэмцээн биш гэдгийг санаж хүүхдээ битгий бусадтай харьцуулаарай. “Тэдний хүүхэд тэгж гэнэ”, “Айлын хүүхдүүд ийм мундаг байхад, чи гэж…” хэмээх үгс хүүхдэд тань хэзээ ч урам өгөхгүй. Ялангуяа, цагаан сарын баяраар томчууд, багачууд цугласан үед хүүхдүүдийг нэгэнтэй нь өндөр, нам, сурлага, хөдөлмөр, амжилт бүтээлээр нь алагчлан ярих нь хэвийн үзэгдэл мэт байдаг. “Хүүхдээ бусадтай хэзээ ч бүү харьцуулж ярь. Элдвийн гонсгор, доромжилсон, дарсан үгнүүдээ үгсийн сангаасаа авч хая. Шүүмжлэх тусам доошилдог. Урамшуулал, магтаал, бодит үнэлгээ нь оргил өөд гарах шат болдог” хэмээн Гэр бүл, хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төвөөс зөвлөсөн. Та хүүхдээ өөртөө итгэлтэй, бие хүн болгон төлөвшүүлэхийг хүсдэг бол бусадтай бүү
харьцуулж шүүмжлээрэй. ХҮҮХЭД ШҮЛСТЭН ҮНСЭХ Учран золгох баяр учраас настнууддаа золгож магнайгаа үнэрлүүлэх нь байх үзэгдэл. Гэвч насанд хүрсэн хүмүүс багачуудыг өхөөрдөхдөө шүлстэн үнсэх нь байж болохгүй үзэгдэл. Хүүхдийг хэзээ ч хошуу амных нь ойр сорж, шүлстэн үнсэхийг цээрлэнэ. Монголчууд үрсээ зулайд нь үнэрлэнэ. Ингэснээр хүүхдийн зулайг хэвийн байгаа эсэх, халуурч бамбалзсан байдлыг шалгадаг. Ханиад, томуу бол бяцхан үрсийн дунд хамгийн их тохиолддог өвчлөл. Тиймээс айлын бяцхан үрсийг хэчнээн өхөөрдмөөр байвч, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь чухалчлахыг зөвлөж байна. Мөн танд ханиадны шинж тэмдэг илэрсэн бол айлаар орохдоо амны хаалт тогтмол зүүх, эсвэл эрсдэлээ бодож биеийн байдлаа дээрдсэнийх нь дараа айлд зочлохыг зөвлөе.
Битүүний өдөр сонсох учиртай “Аргил цагаан өвгөн” туулийг хайлсан нь EGUUR Монгол аман өвийн хосгүй гайхамшигт төрлийн нэг нь тууль. Тиймдээ ч монголчууд энэ гайхамшигтай өв соёлоо 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв” хэмээн ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн. Олон зуун жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн энэхүү өвөрмөц урлаг нэгэн үе сүйрлийн ирмэг дээр тулаад байсан бол сүүлийн үед бага ч атугай сэргэж байгаа. Ардын энэхүү хосгүй өв уламжлалыг сурталчилж яваа хүн бол туульч, цуурч, хөөмэйч Э.Баатаржав. Тэрбээр Алтайн Урианхайн удам дамжсан туульч. Туульч Э.Баатаржав битүүний өдөр сонсох учиртай “Аргил цагаан өвгөн” туулийг хайлсан юм. Үүнээс өмнө “Алтайн магтаал”-ыг аялгуулан хайлсан. ДООРХ БИЧЛЭГИЙГ ТОГЛУУЛНА УУ. -ТУУЛЬ БҮХНИЙ ӨМНӨ “АЛТАЙН МАГТААЛ” ХАЙЛАХЫН УЧИР- Монгол туулийн гурван сүмбэр оргил
нь “Жангар”, “Гэсэр”, “Алтайн магтаал”. “Алтайн магтаал” нь өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, ач холбогдол, түүхэн уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм. Урианхайн туульчид тууль хайлахаас өмнө “Алтайн магтаал”-ыг хайлдаг заншил нэгэнт тогтсон байдаг. Учир нь төрийн хэмжээний туульсийг айлд хайлахад хүнддэг. Тиймээс “Алтайн магтаал”-ыг түрүүлж хайлснаар тухайн орчин нялхарч өөрөөр хэлбэл уул усны эзэд хуран чуулж алтай, хангай хөвчийн ан амьтан, жигүүртэн туульчийг тойрч, тэр айлд цэнгэлийг олж, мөн дээд огторгуйгаас газар лусын эзэдтэй харьцдаг хүчнүүд бүгд чуулаад тууль хайлах зөвшөөрлийг өгч байна гэсэн үг. Тэгж зөвшөөрсний дараа тууль хайлах нь
тухайн айлд маш хүчтэй засал болж жилээ даадаг учиртай. “Алтайн магтаал”-ыг хайлахын тулд дор хаяж цагаас дээш хугацаа зарцуулдаг аж. Тэнд дөрвөн цаг, ан амьтан, Алтайн эздийг ирүүлж, дараа нь үдэж мордуулдаг хоёр зан үйл явагддаг байна. -ХАР ЦАГААН ХЭЛ АМ ДАРЖ, ЭД БАЯЛАГ ДУУДАЖ, ОНГОД ХИЙМОРЬ СЭРГЭЭХ “АРГИЛ ЦАГААН ӨВГӨН” ТУУЛЬ- “Аргил цагаан өвгөн” тууль нь 3800 орчим мөр шүлэгтэй. Сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгийг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэж үздэг ажээ.
Энэхүү туулийг өвлийн эхэн цагт зул сарын 25-наас хойш цагаан сар хүртэл хайлж ирсэн уламжлал нь нүүдэлч малчдын цаг зав, мал сүргийн тарга тэвээрэг, нутаг усны амгалан тайван, цаг улирлын боломжит байдал, /өвлийн шөнө урт тууль хайлахад тохиромжтой/ учир нь туулийн хүч чадал эрүүл мэнд зэрэгтэй холбоотой урт удаан түүхэн уламжлалын явцад төлөвшин тогтсон зан үйл юм.
Categories
СОЁЛТОЙ ШИНЭЛЦГЭЭЕ: Бусдыг харагдах байдлаар нь шүүж, хостой болсон эсэхийг шалгаахгүй байя
